Saturday, January 21, 2012

Хүн ам ба амьдрах хэв маяг


Хүний түүхийн эхэн үед хүмүүс нь ус болон бусад төрлийн байгалийн баялаг (газар тарилан эрхэлж болохуйц тал, ангаар баялаг ой гэх мэт), уур амьсгалын нөхцлөөс ихээхэн хамаарч байжээ. Орчин үеийн технологийн дэвшил нь хүмүүст бүх төрлийн уур амьсгалын нөхцөлд амьдрал боломжийг олгож, сүүлийн хэдхэн арван жилийн дотор хүмүүс Антарктид, далайн ёроол, сансрыг судалж, тэнд богино хугацаагаар амьдарч байна. Дэлхийн хүн амын тоо 6 тэрбумаас давсан ба 61% нь Ази, 14% нь Америк, 13% нь Африк, 12% нь Европ, 0.5% нь Номхон далайн орнуудад амьдарч байна.
Антарктид ба задгай сансарт амьдрах нь маш үнэтэй, удаан хугацаагаар байх боломжгүй бөгөөд одоогийн байдлаар тун цөөхөн хүн задгай сансарт гарсан байна. 1969, 1972 онд 2 хүн Саран дээр очсон бөгөөд бусад гариг дээр зөвхөн хүний гараар бүтээгдсэн роботууд хүрсэн болно.
1800 - 2000 оны хооронд Дэлхийн хүн ам 1 тэрбумаас 6 тэрбум болж нэмэгдэв. 2004 оны байдлаар 2.5 тэрбум хүн хот сууринд амьдарч байгаа бөгөөд энэ тоо цаашид өснө гэж тооцож байна. Суурин газрын хүн ам нэмэгдсэнээр төрөл бүрийн бохирдол, гэмт хэрэг ихсэх хандлагатай байна[14].
Хүмүүс хүрээлэн буй байгаль орчиндоо ихээхэн хэмжээгээр нөлөөлж байна. Сүүлийн үед хурцаар тавигдаж буй асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлт юм[15]. Эрдэмтэд одоогийн байгаа хурдаар цаг уурын өөрчлөлт явагдвал, 21-р зуунд Дэлхийн амьтны зүйлийн бүрдлийн талаас илүү нь мөхөх болно гэж тооцож байна

Соёл иргэншил


Орчин үеийн антропологийн шинжлэх ухааны баримтлалаар бол Homo sapiens нь Африкийн саваннад, 200,000 жилийн өмнө Homo erectus-с үүссэн бөгөөд, 40,000 жилийн өмнө Еврази ба Номхон далайн орнууд уруу, 10,000 жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн суурьшжээ[13]. Энэ Homo sapiens-ууд Homo erectus-с үүссэн бусад зүйлүүдийнхээ (жишээлбэл Homo neanderthalensis - энэ зүйл нь Евразид 2 саяас илүү жилийн өмнө нүүн ирж суурьшсан) байрыг эзэлсэн байна.
Ойролцоогоор 10,000 жилийн өмнө хүртэл хүмүүс нь жижиг отгийн хэлбэрээр (одоо хүртэл амьдралын энэ хэлбэр байгаа), ан агнаж амьдарч байсан байна. Шинэ чулуун зэвсгийн үеэс газар тариалан эрхлэх болсноор суурин амьдралын эх тавигдаж, амьтан гаршуулан, зарим металлуудыг ашиглаж эхэлжээ. Улмаар худалдаа, нийгмийн харилцаа үүсэж, тосгон байгуулагдан, Ойрхи Дорнод зэрэг бүс нутагт анхны иргэншил бий болжээ.
Ойролцоогоор 6,000 жилийн өмнө, прото-улсууд болох Месопотами, Эртний Египет үүсч, цэрэг, арми, удирдагч, төрийн байгуулалт бий болов. 2,000–3,000 жилийн өмнө Перс, Хятад, Ромын зэрэг эзэнт гүрнүүд бүрэлдэн тогтож, ойр орчмын жижиг улсуудыг өөртөө нэгтгэлээ. Мөн энэ үед шашны анхны урсгалууд үүссэн байна.
Дундад зууны сүүлээр технологийн болон оюуны их үсрэлт гарч, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг бүх салбарууд эрчимтэй хөгжив. Үүний дараагаар газарзүйн, 17-р зуунд шинжлэх ухааны их нээлтүүд хийгдэж, 18 ба 19-р зуун аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэгдсэн дэвшил гарчээ. Энэ үед төмөр зам, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл зохиогдож, нүүрс ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авав. Төрийн байгуулалтын олон янзын хэлбэрүүд энэ үед үүссэн болно.

Хүний үүсэл

Хүний хувьслын түүхийн судалгаа нь үндсэндээ Homo sapiens зүйлийн хувьслын судалгаа байдаг. "Орчин үеийн хүн" нь биологийн хувьд дээр дурьдсан зүйлд (Homo sapiens) хамаарах Homo sapiens sapiens дэд зүйл юм. Энэхүү дэд зүйл нь одоо үед оршин байгаа цор ганц дэд зүйл болно. Homo sapiens зүйлийн өөр нэг дэд зүйл нь ойролцоогоор 160,000 жилийн өмнө амьдарч байсан Homo sapiens idaltu бөгөөд мөхсөн байна. 130,000 жилийн өмнөх үед хамаарах, орчин үеийн хүнтэй ижил анатоми бүхий чулуужсан үлдэгдэл Африкаас олдсон болно. Homo sapiens-тэй хамгийн төстэй, одоо оршин буй зүйл амьтад бол Паны төрөлд хамаарах 2 зүйл сармагчин: Бонобо (Pan paniscus) ба Шимпанзе (Pan paniscus) юм. Эдгээр зүйл амьтад нэг гаралтай бөгөөд гол ялгаа нь "нийгмийн" (сүргийн) зохион байгуулалт болно. Бонобогийн сүргийг эмэгчин нь толгойлдог бол шимпанзегийн сүргийг эрэгчин нь толгойлно. Генийн судалгааны үр дүнгээр эрдэмтэд "6.5 сая жилийн хувьслын дараа, бонобо/шимпанзе ба хүний ялгаа нь хоорондоо төрөл биш хүмүүсийн ялгаанаас 10 дахин их, харин харх ба хулганы ялгаанаас 10 дахин бага болсон" гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба энэхүү 2 зүйл сармагчин болон хүний ДНХ-гийн 95% нь ижил байдагийг тогтоожээ[8][9][10][11]. Хүний хөгжлийн шугам шимпанзегийнхаас ойролцоогоор 5 сая жилийн өмнө, гориллагийнхаас 8 сая жилийн өмнө салсан байна. 1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү нүүн шилжсэн байна